Monday, December 21, 2009

Us

Б И Д

“Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй болжээ” гээч үгийг эртний Ромын үед ч хэлдэг л байж. Үүнээс хойш даруй 33 жаран улиран оджээ. Үнэхээр тэр үеэс хүмүүний яс чанар муудаж эхэлсэн бол одоогийн бид тартагтаа тулж, муу муухайн туйл болсон биз ээ.

Аль ч цаг үеийнхэн “урьдын сайхан үе”-ийг хүүрнэн дурсаж, үр ач, хойч үеэ муулсаар ирсэн, өнөөх “чанар” муудсаар . . .

Өндөг тахиа хоёрын аль нь анхдагчийн тухай бус харин аль нь муу гэдэг талаар л сэдэв хөндөгдөж байна л. Өндөгний өөдгүй муу чанар бол өсөн хөгжих явцдаа л тахианаас хуулбарлан авч өөрийн сэтгэхүйгээр өргөжүүлэн, хөгжлийн дараагийн шатад хүрдэг бололтой. Тиймээс одоогийн багачуулын олиггүй бүхнийг “БИД” бүтээсэн байх нь.

Оргүй хоосноос үүсдэг зүйл гэж үгүй билээ. Эцэг эх, ах эгч, өвөө эмээ нарын үйл хөдлөл бүхэн хорвоотой дөнгөж танилцаж буй балчир үрсэд харагдсаар л, тэд бүхнийг үл тунгаан сайныг муутай нь сорон уусгаснаас л бүх зүйл үүдэлтэй ажээ.

Байгалийн архичин, алуурчин, хулгайч гэж үгүй. Багахан адал явдлаас башир этгээдэд хүрэх зам богино бөгөөд энгийн. Харин тогтсон дадал, зан суртахууныг шинэчлэн өөрчлөх нь хэцүү буюу боломж бага. Бурхан байсаар л зарим хүмсийг залхаан цээрлүүлж арван хар нүглийн замыг зааж зураа гэж үү ?!

Таны хүү архи ууж байна, таны охин тамхи татаж байна. Тэд самуун бүхэнд улам улам шигдэж, хүний амьдралын сайн сайхныг өөрөөр төсөөлж, гагцхүү амар хялбар замыг, хайн зугаа цэнгээнээр амьсгалж байна. Худалдаж болох “бие” байвал борлуулж, худалдаж авч үл чадах эд байвал хулгайлж байна л. Онцгүй хэлэхэд “янхан” сэтгэлгээтэй болж байна. Харин буруутан нь–“БИД”!

Та бидний хэд нь үүнийг зөвшөөж, хэд нь үгүйсгэж байгааг үл мэдэвч, эерэг саналтай нь эсрэгээсээ арай цөөн байх хэмээн аюух аж.

Бидний гэрэлт ирээдүй болсон хойч үеийнхэн маань муу бүхэнд биднээс илүүтэй хутгалдан амьдарч байх нь яавч сайны ёр бишээ!

Учир юу гэвэл бид өөрсдөө “муу” үгсийг хэлэлцэн, “муу” бодол хэлхэн, “муу” үйлийг харуулсаар л, “муу” энергиэр хар зам татуулан тэдэнд “муу” бүхнээр сургамжилж байна.

Эрин зуун солигдовч, эрхэм сайн хүмүүн бас муу хүмүүнтэйгээ холилдон, холбирон амьдарцгаана . . .

мУу бүхэн бидний үр хойчид хүрэлгүй царцаж, сайн сайхан бүхэн түгэн дэлгэрэх болтугай!

2009.02.05 Дамба

1 comment:

Мика /美香/ said...

Ёстой нэг уншимаар нийтлэл байна. Баярлалаа.