Tuesday, March 23, 2010

Conversion at age of 75, 1%

75 настайдаа шашнаа сольсон нь

Энэ жилийн цагаан сар өнгөрөөд долоо хонож байлаа. Энэ жил 80 нас гарч байгаа эмээ маань ойн найр хийнэ гэсэн ээжийг маань загнаж байна, "Ой хийж яах нь вэ, намайг хойд гэр уруу минь явуулах нь уу?!?". Эмээгийн хэлж байгаагаар энэ ойг хийсэн хүн "өнгөрчихдөг" гэнэ. Хоёр жилийн өмнө Цагаан сар тэмдэглэх хэлбэрийн талаар эмээтэйгээ ярилцаад эмээ өөрийнхөөрөө шийдэж байсан учир би ч дуугүй л байв.

Амралтын өдрийн үдээс хойш огт танихгүй хүн ирж, эмээтэй маань хоёюулаа цаг илүү л тэрүүхэндээ ярилцаж байгаад хоол зооглосоныхоо дараа гараад явахад нь харвал эмээгээс маань арай насаар дүү боловч 60 нас гарсан хүрсэн эмэгтэй байна. Жаахан байж байгаад аяга цай дөхүүлж өгөнгөө гарч явсан эмэгтэйн талаар асуутал манай сүмийн хүн гэхээр нь намайгаа явуулаад байна гэж бодтол, "Энэ номны талаар ярилцсан" гээд нилээн үнгэгдсэн Библи гаргаад ирлээ. :0 Энэ ном амьдралыг өөрөөр тайлбарласан нь надад таалагддаг гэхээр нь сардаа нэг Гандан гарч, үр хүүхэд ач, гуч нартаа зориулан ном уншуулж, засал хийлгэдэг байсан эмээгээ "таньсангүй".


2005 онд тройлейбус-нд суух гэж байгаад чирэгдэн хоёр хөлөө хугалж, 3 жил шахуу хэвтэрт байсан эмээ маань одоо хоёр суга таягтайгаар арай гэж ойр зуур явдаг боловч шашны талаар үзэл бодол нь эрс өөрчлөгдсөн нь надад маш хачирхалтай байв. Хэдийгээр шашин шүтдэггүй, Библи болон Бурхан багшийн сургаалийг уншиж байсан ч дахин нухацтайхан унших хэрэгтэй гэж өөртөө хэллээ.

1%-д нь итгэ

Ээжтэйгээ эмээгийнхээ талаар ярилцахад, эргэн тойрны өндөр настангууд нь хорвоогийн жам ёсоор цөөрөөд ирэхээр бусадтай хамт байх хүсэл, нийгмийн дунд байх шаардлага хоёр нь огтлолцсон Христийн сүмд яваа эмээг ойлгож эхлэв. Гандан орох бүртээ шивнэж байсан хүсэл, захиасууд нь замхран алга болоод байгаа мэт байсан ч юм уу эсвэл хүнгэнэтэл ном унших лам нь амьдралд нь нэмэр болсон зүйл хийгээгүй ч юм уу?

Хэдий цагаан сарын ярианы үед "Арван сар тэгээгүй, ангир шар уургаа хөхүүлээгүй ч чамайг хүн болгосон юм шүү" гэж зандарч, өөрийн шийдвэрийг хүчтэй хэрэгжүүлж байсан хүн маань энэ жил харин "Чиний хэлж байсан шиг Цагаан сарын золгуут хийнэ" гэсэн ч дассан сурсан хэлбэрээр нь л хэдэн хүүхдүүд нь хийлгэнэ билээ.

Хааяа нэг зар харж байхад "Ханийн заяа дуудна, үрийн даллага авхуулна, буян заяа тэгшилнэ, хийморь сүлд дуудна - Газар дээрхи галзуу ганц" гэсэн зарууд харж, дотроо гайхан шогширдог ч Монголчуудын маань 80+ хувь нь мухар сүсэгтэй гэж эмээг осолд орохоос ч өмнө уншиж байсан болохоор энэ удаа 3 хувьсагчтай хоёр тэгшитгэл өмнөө тавьчихаад бодох гэж оролдож байгаа шиг болчихлоо.

"Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэг шиг 6 тэрбум гаруй хүмүүс бурхан гэсэн олон нэртэй хүмүүн болон хэлбэрийг шүтэж, өргөл барьц барин байгаа учир, ядаж 1%-д нь итгэх хэрэгтэй гэж хүндэлж явдаг хүн маань хэлээд үргэлжлүүлэн, "Цаг нь болохоор нэг бурханы номлолыг дагах биз дээ, одоогоор чи залуу байна" гэж хэлж байсан нь санаанд олов.

Цаг нь болохоор?!?

All religions, arts and sciences are branches of the same tree. All these aspirations are directed toward ennobling man's life, lifting it from the sphere of mere physical existence and leading the individual towards freedom. - Albert Einstein

1 comment:

昭彥 said...
This comment has been removed by a blog administrator.