Найман дуудлага, 45 минут. Энэ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань эрүүл мэндийн түргэн тусламж танд үйлчилгээгээ хүргэх хүртэл таны утасны дуудлага хийх тоо болон хүлээх хугацаа.
Эрүүл мэндийн салбарт болж байгаа "гайхамшигт үзэгдлүүд": салбарын сайд нь гадаадад эмчлүүлдэг, хүүхдүүд бохирын халдвар аваад, эмнэлэгт оргүй байгаад байдаг? Миний XQ хүрэхгүй, туршлага байхгүй учир болсон явдлыг л энд бичиж эрхэм уншигч таны бодлыг хуваалцмаар байна.
Гар утасныхаа үйлчилгээ үзүүлэгч компани уруу залгахад надад 30 секундын дотор утасны цаана хүн хариулж, эргээд над уруу залган байж асуудлыг маань шийдэж өгдөг учир би үйлчилгээг нь авахаас татгалздаггүй.Ажлын шаардлагаар хотын төвд байх байраар нь ороход миний хэрэгцээний нилээн сүүлд тавьж болох харилцаа холбоог маань тасралтгүй явуулахын тулд л доод тал нь 10 хүн ажиллаж байдаг харагддаг юм.
Харин 103 буюу хүн яахаа мэдэхгүй, сандраад залгадаг дугаар завгүй дохио өглөө. /Хичнээн хүн утасны цаана суудаг бол?/ Гал тогооны өрөөнд 53 настай ойрын хамаатан нүд нь хяналтгүй эргэлдэж, амнаас нь цагаан хөөс сахарч хөл гар нь хяналтгүйгээр таталдан хэвтэнэ. Ухаан алдаж унахдаа хойшоо савж хуучны том цагаан хөргөгчийг хажуу тал уруугаа 50 СМ орчимоор түлхсэн байх бөгөөд ойролцоо нь байсан хуванцар материалаар хийгдсэн сав суулганууд нь хэмхэрчээ.
Төсөөлөлдөө ийм нөхцөл байдлыг огт оруулж байгаагүй учир барьц алдсан ч толгойг нь түшээд гар утсаараа 103 уруу дахин залгалаа. Дахин завгүй. Хөл гарын хөдөлгөөн нь багасаж, нүд нь эргэлдэх багасаад ирлээ. Дахин завгүй. Нүдний цагаан нь улаан торон судлуудтай байх бөгөөд дөнгөж саяхан боссон тэрээр өдөржин компьютер ширтсэн мэт улаан нүдтэй болчихож. Ашгүй нэг утсаа авлаа - Нас, шинж тэмдэг, өмнөх өвчний товч түүх (миний бараг мэдэхгүй), хаяг хэлээд цагаа хартал 3 минут л өнгөрчээ. Юу л болоод өнгөрчихөв дөө гэж бодоод гадуур хувцсаа өмсөхөөр өндийлөө. Хажуугийн өрөөнд тоглож байсан 2 ой дөнгөж гарч байгаа хүү өрөөнд орж ирээд уйлж эхэллээ. Чихэнд тодоор миний өвөө, миний өвөө гээд том дусалтай нулимс бөмбөрүүлж эхлэхэд хурдхан тэвэрч аваад аргадав.
Хүүгийн аав нь нь эм зүйч мэргэжилээр сурч байгаа тул зөвлөгөө авахаар залгалаа. Намайг сандчин ярьж дуусахад өмнө нь 2 удаа ижил зүйл болж байсан бөгөөд шинж тэмдэгүүд хэлж эдгээр нь байхгүй бол түргэн иртэл босгохгүйгээр хэвтүүлж байх үүрэг өгөөд эхнэртэйгээ холбоо барьж аль нэг нь ирэхээр боллоо. Дуудлага өгсөнөөс хойш 10 минут болчихсон байвч түргэн байдаггүй. Дахин залгалаа. Завгүй. Хамаатан маань өндийх гэж оролдохоор нь хэвтэж байх хэрэгтэйг хэллээ. "Юу болсон бэ?" гэхээр нь ухаан алдсан гээд чирсээр буйдан дээр гарган хэвтүүллээ. Хоёр дуудлагын дараа утсаа аваад ачаалал ихтэй байна гэх юм. За тийм байж, 20 минут. Дахин залгалаа. Эмч гарсан, нэг айлаар ороод хаягаар нь очно гэлээ. 30 минут. Хаалга гаднаасаа түлхүүрдэн онгойж хүүгийн аав нь орж ирэн нөхцөл байдал арай дээр боллоо. Толгойг нь барьж, цаг гаргаж ирээд судсыг нь барьж үзэж байна. 40 минут. Хүүгийн аав нь тайвшруулах эм гээд нэг эм аманд нь хийчихлээ. 45 минут, хаалга цохин улбар шар өнгийн комбинзон өмссөн түргэний эмч орж ирэн 3 минутын өмнө дуудлага аваад 3-р эмнэлэг дээрээс ирлээ /хоорондахь зай нь 3 автобусны буудал/ гэхээр нь хэн нь ХУДЛАА хэлсэнийг ойлгосонгүй ч буйдангийн өмнө сандал тавин суулгаад ярилцуулав.
Даралтны аппарат гаргаж ирсэн нь бэхэлгээ гогцоонууд нь нугарчихаад тогтохгүй байх юм, "Энийг барьж байгаарай" гэсээр даралтыг нь үзлээ. Дөнгөж сая эм өгсөн талаар, урьд нь тохиолдож байсан зүйлсийн талаар хэллээ. ХҮНС, ДЭГЛЭМ 2-г чандлан мөрдөж явах хэрэгтэй гээд, "Эм уучихсан учир хоёр тариа хийж өгөх үү? Эсвэл та нар авч үлдээд хэрэглэх үү?" гэж хүүгийн аавтай зөвшилцөв, "Нэг удаа хийчихээд, нэг удаагийн тариа үлдээж болох уу?" гэж асуусан ч эцэстээ авч үлдэх болов. Дусал тариа хийж цусыг нь шингэлэх хэрэгтэй гэсэн юм яриан дундаас нь ойлгож авлаа.
Бүх зүйл намжиж, дусал залгуулсаны дараа бодлоо: "Хүний амь насыг хариуцаж явдаг энэ салбар асуудал болон боломж ихтэй юм даа, хүрээлэн байгаа орчны бохирдол, ажилчдын цалин хөлс, төсөвөөс өгөх мөнгөний хэмжээ бага (2008 оны байдлаар ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардал 3.8%, 2010 онд 201.4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн сайдад олгох төсөл байгаа юм байна: /Монгол Улсын 2010-2012 оны төсвийн төсөл (PDF)/ гээд олон асуудал байгаа нь энэ салбар маш их боломжтой, өсөлт өндөр гаргаж болох салбар гэдгийг манай "эрхэм хүндэт" дарга нарыг гадаадад зуучилж эмчлүүлдэг байгууллагууд үүсч, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг аль хэдийн үүдээ нээсэн, дахин нээх хүсэлтүүд тавьж байгаагаас харж болох юм"
Танд л гэж зөвлөхөд яаралтай үед сандрахгүйн тулд: www.103.mn гэх мэт сайтыг мэдэх, анхан шатны тусламж үзүүлэх чадвар олж авах, өөрийгөө арчаатай авч яваахаас гадна хажуудаа байгаа өндөр настай, анхаарал шаарддаг хүмүүсийн өвчний түүхийг мэдэж байх, түүнд нь таарсан "гал унтраах" аргачлалыг сурч авах нь илүүдэхгүй юм билээ шүү.
He who has health, has hope. And he who has hope, has everything.
2 comments:
Бага ахын маань охин одоо 10 сартай. Нэг өдөр хүчтэй халуураад бие нь маш муудсан. Тэгээд түргэн дуудсан. Түргэн дуудхад оройн 7 цаг болж байсан юм. Гэтэл ирдэггүй ээ. Тэгээд ах өөрөө тэвэрч гараад эмчилгээ хийлгээд арай гэж тайвшраад, гэрийн бүх гишүүд ядраад унтаж байтал өглөө 8 цагт хаалга тогшсон гэсэн. хэн бэ гэтэл түргэн гэлээ. ах гайхаад ямар нөгөө өчигдөр дуудсан түргэн тусламж уу гэтэл тийм гэсэн гэдэг. бүхэл бүтэн 13 цаг.
@Дэппсү: 13 цагийн дараа ирдэг "овоо муу гарууд" юмаа. Дуудлага өгөхдөө маш сүржин ярих хэрэгтэй гэсэн сэтгэгдэл авсан. Ер нь яаралтай л ирэхгүй бол болохгүй гэдгийг ойлгуулахаар Хашгирах, хоолойгоо шахах гээд тактикууд хэрэглэх шаардлагатай байдаг юм шиг байсан.
Post a Comment