Өглөө 5:50-с босоод хугацаандаа амжихгүй болсон Бизнес төслийн орчуулгыг жаал ахиулаад, Жавхлангийн зөвлөсөний дагуу сэтгэл зүйн, био-хэмнэлийн талаар Гүүглээс хайн тархиндаа бага зэрэг судал суулгах гэж хичээж байгаад 8:17-д гэрээс гаран сургалт болох газар уруу явлаа.
Замдаа Cola and Kebab-р дайран нэг Doner Kebab авлаа өчигдөр оройтоод талхаа ч авахаа мартсан тул өглөөний цайгүй явж байсан хүний хувьд маш өег цай боллоо. Түүнийгээ хазлан хажууханд байх сургалтын байр ороход шалгарсан залуус үүдний хэсэгт нь суух ба 4 хүн зогсож байна. Бүгдтэй нь гар барин баяр хүргэн, мэнд мэдчихээд жижүүрийн цаахна очин гар дахь өглөөний цайгаа дуусгахаар ноцолдлоо.
Тэнд зогсонгоо захиалгаар ирсэн сонингуудаас нь Өнөөдөр сонинг нь гуйн гарчиглаж байх зуур оролцогчид цахилгаан шатанд суун дээш гарахаар хөдлөлөө. Би ч гар дахиа дуусгаад, сонингоо дуусгаад хойноос нь өгслөө.
Өнөөдөр цугласан 20 хүнээс 4 нь энэхүү 2 өдрийн сургалтын дараа хасагдах бөгөөд урьд таамаглаж байсан шиг 8 эр, 8 эм үлдэнэ гэдэг ойлголт буруу юм байна, энэ удаад хүйсийн хувьд Quote тогтоож өгөөгүй, чадалтай л бол эр ч бай, эм ч бай олон байхаар төлөвлөжээ.
Сургалтын өрөөнд 8 эмэгтэй, 11 эрэгтэй байна, нэг хүн дутаж байсан нь Г. Нямдорж анд байлаа. Тэрээр 21 минут хоцорч ирж анхны өдрөө нилээн бангадуулав.
Сургалт нь Глобал Удирдагч дээд сургуулиас санал болгодог дэлхийн стандартын бизнесийн удирдлагын хөтөлбөртөй гэж дуулсан юм байна. Эхлээд зохион байгуулалтын хичээлээс эхлэн хүмүүсийн харилцааны мөсийг хагалан өгч, өөрийгөө олох аянд яваа хүмүүст туслах, цаг ашиглалт, зохион байгуулалт, бүлгийн хичээлүүдийг маш сонирхолтойгоор Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал Д. Сүрэнчимэг, П. Гандолгор нар заалаа. Энэ сургалтаас авах зүйлсийн тоог гаргах гэвэл хөл, гарын хуруунууд хүрэлцэхгүй нь, насанд хүрэгчдэд маш энгийнээр ийнхүү заана гэдэг удаан хугацааны туршлага, дадал чадварын л үр дүн болов уу. Дундуур нь хэд хэд завсарлаж өдрийн хоолонд ихэнх нь Кебаб-даж таарав.
Хичээлийн дараагаар Мобикомын Ганзориг Харилцаа холбооны ивээн тэтгэгчийн хувиар хамтран ажиллах өөрсдийн саналаа оролцогчдод танилцуулав, шинээр гаргах Мобикард МИКС үйлчилгээ: картын хэрэглэгч нар дараа төлбөрт нөхцөлд дугаараа хадгалан оролцож болох болжээ. 3.5-н талаар, М-боулинг гээд бидэнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнүүдийг олон нийтэд хүргэх ажилд хамтрахыг уриалав.
Singleton-ы Баярсайхан анд маань гишүүнчлэлийн онцлог болон давуу талуудыг ярингаа, оролцох хүн бүрийг Бизнес гишүүний нэг жилийн эрх бэлэглэлээ.
Төгсгөлд нь бид өдрийн үйл ажиллагаагаа дүгнэн тус бүрдээ 1 минутад ярилцлаа. Энэ өдөр нийт бүртгүүлсэн 150 хүнээс шалгарсан 20 оролцогчид нь сургалтанд сууж байгаа бөгөөд эндээс эхний ээлжинд 4 хүн хасагдахаас нэг хүн нь ажлын шаардлагаар гадагшаа томилолтоор явах болсон гэдэг шалтгаанаар тэмцээнийг орхих болсоноо албан ёсоор дуулгав. Нийт 20 хүндээ өөрсдийн нэр бүхий аяга бэлэглэв, нэг талдаа СҮҮ ХК-ны лого, нөгөөдөд Глобал СИ И Ө 2-н логотой бөгөөд дор нь хүн тус бүрийн нэртэй юм. Одоо 8 эмэгтэй, 11 эрэгтэй үлдлээ, маргааш орой гэхэд нэмж 3 хүн тэмцээнийг орхих болно, тэд хэн байх бол? Халагдах хүн бүр аягаа аван харих болно, харин ажиллаж байхдаа аягандаа цай, кофегоо уусаар энэхүү барилгад байрлах юм.
1 comment:
Тэмцээнд оролцох шийд гаргасан уу? За амжилт хүсье. Чи шүү
Post a Comment